ХДХВ, ДОХ-ын асуудал өдгөө ч нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.
ХДХВ, ДОХ-той тэмцэх хариу арга хэмжээний бүхий л үе шатанд эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын ялангуяа БЗДХ, ХДХВ, ДОХ-д өртөх өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд ХДХВ, ДОХ-оос сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа тун чухал билээ.
Бид анх байгуулагдсан цагаас хойш олон улсын болон бүсийн, үндэсний болон орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран зорилтот бүлгийн олон нийтэд хүний эрхэд суурилсан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ээлтэй орчинд чанартай, тэгш хүртээмжтэй авах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилласаар ирлээ.
Зорилтот бүлгийн олон нийтийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан олон талт нэгдмэл үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт үнэлгээ хийх бүхий л үе шатанд хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсээр ирсэн санхүүжүүлэгч, хамтран хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн түнш байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм уншигч таныг энэхүү цахим хуудаснаас манай байгууллагын үйл ажиллагааны талаар мэдэхийн зэрэгцээ бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар үнэн зөв мэдээ мэдээллийг олж авна гэдэгт итгэж байна.
“Төгс бүсгүйчүүд” ТББ-ын хамт олноос