Хүний амьдралын салшгүй нэг хэсэг нь бэлгийн амьдрал бөгөөд хүн төрөлхтөний амьдрал оршин тогтнох нэгэн үндэс юм. Хүмүүс бие биеэ хайрлан дурлаж, гэр бүл болон хүүхэд төрүүлэх, үр удмаа үлдээх, эцэг эхийн жаргалыг амсах зэрэг нь бүгд бэлгийн амьдралтай холбоотой. Гэр бүл болсноор зөвхөн 2 биенийхээ өмнө төдийгүй ирээдүйн үр хүүхдийнхээ өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээдэг.
Хүний бэлгийн хөгжил нь эхийн хэвлийд байхаас эхлэн насан эцэслэх хүртэл үргэлжилдэг бөгөөд үүнтэй холбоотой хүний бие сэтгэхүйд олон өөрчлөлт гардаг. Эдгээр өөрчлөлтийг хүн мэдэж байх нь өөртөө итгэлтэй амьдрах, элдэв өвчин эмгэгээс сэргийлэх чадвартай болно. Мөн хувь хүн нөхөн үржихүйн эрхтнүүдээ хайрлан хамгаалах нь ирээдүйд эрүүл саруул эцэг эх болж, аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдрах нэгэн үндэс болно.
Нөхөн Үржихүйн Эрүүл Мэнд (НҮЭМ) гэдэг нь зөвхөн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо нь өвчин эмгэггүй, эрүүл байх төдийгүй бие махбодь, сэтгэл санаа, нийгмийн талаар бүрэн төгс эрүүл, хувь хүн, гэр бүлийн хосууд сэтгэл ханамжтай, аюулгүй бэлгийн амьдралтай, нөхөн үржих чадвартай байж, хэзээ хэдэн хүүхэд төрүүлж өсгөхөө чөлөөтэй шийдвэрлэх байдал юм.
Нөхөн Үржихүйн эрх гэдэг нь хувь хүн, гэр бүлийн хосууд хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй, хариуцлагатайгаар шийдвэрлэхийн сацуу нөхөн үржихүйн талаар мэдлэг эзэмших, мэдээлэл авах, хүссэн үедээ жирэмсэлж төрөх, нөхөн үржихүйн хамгийн сайн, чанартай тусламж үйлчилгээг авах эрхтэй байхыг хэлнэ.
Нөхөн Үржихүйн Эрүүл Мэндийн бүрэлдхүүн хэсгүүдэд:
- Гэр бүл төлөвлөлт
- Эсэн мэнд амаржихуй
- Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд
- БЗДХ,ХДХВ,ДОХ-оос урьдчилан сэргийлэлт
- Үр хөндөлт
- Үргүйдэл
- Хүйсийн асуудал зэрэг хамаарна.
Гэр бүл төлөвлөлт:
Гэр бүл төлөвлөлт гэдэг нь хувь хүн, гэр бүлийн хосууд өөрсдийн эрүүл мэнд, эдийн засаг, амьдралын байдалд тохируулан хүссэн цагтаа жирэмслэж, хүссэн хүүхдээ төрүүлэх явдал юм.
Эсэн мэнд амаржихуй:
Эрүүл эх, хүссэн үедээ жирэмслэж, аюулгүй амаржих нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн мэдээлэл зөвлөгөө, үйлчилгээ, нийгмийн иж бүрэн арга хэмжээг эсэн мэнд амаржихуй гэсэн ойлголтоор илэрхийлдэг.
Өсвөр үеийнхний НҮЭМ:
Өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний хэрэгцээнд нийцсэн НҮЭМ-ийн үйлчилгээ үзүүлэх асуудлууд багтана.
Үр хөндөлт:
Эхийн умайд бүрэлдэн тогтсон үр хөврөлийг жирэмсний эхний 12 долоо хоног хүртэлх хугацаанд зориулалтын багаж болон эмийн тусламжтайгаар жирэмслэлтийг таслах мэс ажилбарыг үр хөндөлт гэнэ.
Үргүйдэл:
Хэрэв жирэмслэхээс хамгаалах арга хэрэглээгүй, байнгын бэлгийн харьцаатай байсан атлаа нэг жилээс дээш хугацаанд жирэмслэхгүй байхыг үргүйдэл гэнэ. Зарим хосууд анхнаасаа огт жирэмслэхгүй байдаг. Үүнийг анхдагч үргүйдэл гэнэ. Харин гэр бүлийн хосууд өмнө нь жирэмслэж байсан боловч дахин хүүхэдтэй болж чаддаггүй. Үүнийг хоёрдогч үргүйдэл гэнэ.
Бэлгийн замаар дамжих халдвар:
Хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар дамжин халдварладаг өвчнүүдийг бэлгийн замаар дамжих халдвар гэж ерөнхийд нь нэрлэдэг.
Жендэр буюу хүйсийн асуудал:
Жендэр гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн үүрэг, хариуцлагын ялгааг илэрхийлнэ. Жэндэр нь эрэгтэй эмэгтэйчүүдийн хоорондын харилцаанаас үүдэн нийгмийн зүгээс тогтоож өгсөн үүрэг, үнэлэмж юм. Жендэрийн үүрэг, үнэлэмж нь хүний биологийн ялгаанаас бус нийгмийн зохион байгуулалтаас шалтгаалах ойлголт бөгөөд тухайн нийгэм бүрт харилцан адилгүй байхын зэрэгцээ цаг хугацааны явцад өөрчлөгдөж байдаг.