Трихомониаз өвчин нь шимэгчээр үүсгэгддэг бэлгийн замын халдвар юм.
Үүсгэгч:
- Trichomonas vaginalis-аар үүсгэгддэг.
Халдвар дамжих зам:
- Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана.
Нууц хугацаа:
- Халдвар авснаас хойш дунджаар 5-15 хоног байна.
Илрэх шинж тэмдэг:
Эмэгтэйчүүдэд:
- Ихэвчлэн эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрдэг.
- Бэлэг эрхтэн орчим загатнаж хорсох зовиур илэрч, үтрээнээс их хэмжээний шингэн, ногоовтор буюу шаргал өнгийн хөөсөрхөг ялгадас гарч бэлэг эрхтний орчмын салст болон үтрээний салст улайж, үрэвсэнэ.
- Зарим тохиолдолд шинж тэмдэг илрэхгүй боловч үе үе бэлэг эрхтэн орчим загатнах, үтрээнээс бага зэрэг ялгадас гарах зэрэг зовиур, шинж тэмдэг илэрч болно.
Эрэгтэйчүүдэд:
- Ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг ба ховор тохиолдолд шээхэд хорсох, өвдөх, загатнах, бэлгийн хавьтлын дараа хорсох зэрэг зовиур илэрч, шээсний сувгаас бага зэрэг салсархаг ялгадас гардаг.
- Трихомониаз өвчний үед эрэгтэйчүүдэд эмнэлзүйн шинж тэмдэг бараг илэрдэггүй учир өвчтөн өөрөө анзаардаггүй.
Хүндрэл, үр дагавар
- Ховор тохиолдолд эрэгтэйчүүдэд түрүү булчирхай, төмсөгний дайвар, үрийн цулцангийн үрэвсэл, эмэгтэйчүүдэд умай, умайн гуурсан хоолой, өндгөвчний үрэвслээр хүндэрч болно.