Бэлгийн херпес нь дахих хандлагатай, архаг явцтай бэлгийн замын халдвар юм.
Үүсгэгч:
- Энгийн херпес вирусийн Herpes Simplex Vi-rus 1 ба 2-р хэвшинжээр үүсгэгддэг. Бэлгийн херпесийн 90 хувь орчим нь 2-р хэвшинжээр үүсгэгдэнэ.
Халдвар дамжих зам:
- Бэлгийн херпес нь ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварлана.
- Жирэмсэн үед урагт болон төрөх замаар нярайд халдварлана.
Нууц хугацаа:
- Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэл дунджаар 2-21 хоног байна.
Илрэх шинж тэмдэг:
- Шинж тэмдэг илрэхээс 1-2 хоногийн өмнө хэсэг газар загатнах, ирвэгнэх, өвдөх зовиур илэрнэ.
- Бэлэг эрхтэн, түүний орчимд бага зэрэг улайж үрэвссэн арьс салстан дээр цөөн, эсвэл олон тооны бүлэглэж байрласан цэврүүнцэрт тууралт гарна.
- Тэмтрэхэд хорсож, хөндүүр, эмзэглэлтэй байна.
- Хэд хоногийн дараа хагарч, шалбархай, шархлаа үүснэ.
Хүндрэл, үр дагавар:
- Халдвар авснаас хойш өвчин үүсгэгч вирус хүний биед үлдэж хадгалагдах ба энэ өвчний олон дахих шалтгаан нь болдог
- Энэ үед өвчин хөнгөн хэлбэрээр тохиолдох боловч өвчин байнга дахиснаас өвчтөний бие, сэтгэл зүйн талаас хямрал ажиглагдаж, сэтгэл санаагаар унах, бэлгийн хэвийн амьдрал алдагдахад хүргэдэг.
- Уг өвчний үед шалбархай, шархлаа үүсч, арьс салст гэмтдэг учраас ХДХВ-ийн халдварт өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
- Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт, мөн нярайд төрөх явцад халдвар дамжиж, нярайн херпесийн халдварыг үүсгэж, хүндрэлд хүргэнэ.