Судалгааны зорилго, зорилт
Энэхүү судалгаа нь өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд ХДХВ, БЗДХ-ын тархалт болон халдварт өртөх эрсдэлтэй зан үйлийн түвшинг тогтоход судалгааны зорилго оршино. ХДХВ, БЗДХ-т өртөх өндөр эрсдэлтэй бүлэгт эмэгтэй биеэ үнэлэгчид хамаарах ба судалгааны хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн.
- ЭБҮ-ийн дунд ХДХВ, БЗДХ-ын тархалтыг тодорхойлох
- ЭБҮ-ийн дунд ХДХВ, БЗДХ-ын талаарх мэдлэг, эрсдэлт зан үйлийн түвшинг тодорхойлох
- Судалгааны үр дүнг өмнө хийгдсэн тандалт судалгааны үр дүнтэй харьцуулан дүгнэх
Судалгааны үр дүнгээс
Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Дорнод аймгуудад байршил- цаг хугацааны түүвэрлэлтийн арга ашиглан 761 эмэгтэй биеэ үнэлэгчийг тандалт судалгаанд хамруулсан. Судалгаанд оролцогчдын хүн ам зүйн мэдээллээс гадна бэлгийн зан үйлтэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийснийг тоймлон харуулбал:
- Судалгаанд оролцогчдын дундаж нас 31
- Сүүлийн 7 хоногт дунджаар 4 бэлгийн хавьтагчтай байсан
- Биеэ үнэлсэн сүүлийн өдөр дунджаар 2 үйлчлүүлэгчтэй бэлгийн хавьталд орсон
- Сүүлийн удаа төлбөр авч бэлгийн хавьталд орохдоо 81.2% нь бэлгэвч хэрэглэсэн байна.
ХДХВ, тэмбүүгийн тархалт
Судалгаанд хамрагдсан нийт ЭБҮ-ийн дундах тэмбүүгийн тархалтын түвшин 27.5% (n=209) байсан бөгөөд удаагийн тандалтын судалгаагаар ЭБҮ-ийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй. Судалгааны байршлаар авч үзэхэд Дархан-Уул аймагт тэмбүүгийн тархалтын түвшин хамгийн өндөр буюу 36%, Улаанбаатар хотод 30.5%, Дорнод аймагт 31%, Орхон (21%) болон Хөвсгөл (22%) аймагт ойролцоо байлаа.
ХДХВ-ийн халдварын талаарх мэдлэг, хандлага, ташаа ойлголт
Судалгаанд хамрагдсан ЭБҮ-ийн 41.3% нь ХДХВ-ийн халдвар бэлгийн замаар дамжихаас сэргийлэх аргыг зөв тодорхойлж, түгээмэл ташаа ойлголтуудыг үгүйсгэсэн буюу бүх асуултанд зөв хариулсан байна. Асуулт тус бүрээр хариулсан байдлыг авч үзвэл хамгийн багадаа 52.6% нь, хамгийн ихдээ 87.9% нь зөв хариулсан байна. Судалгаанд оролцогчдын ойролцоогоор 6% нь ХДХВ, ДОХ-ын талаар сонсож байгаагүй байна.
ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ, зөвлөгөө ба урьдчилан сэргийлэх хөтөлбөр
Оролцогчдын 60% орчим нь сүүлийн 12 сард ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, 55% нь шинжилгээний хариугаа авсан байна. Оролцогчдын 67.5% нь сүүлийн 12 сард үнэгүй тараагдсан бэлгэвч авсан байна.
Дүгнэлт
Энэ удаагийн тандалтын судалгаагаар ЭБҮ-ийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй ч, тэмбүүгийн халдварын тархалт 27.5% байгаа нь 2009 оны тандалтын судалгаатай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.
Хэдийгээр уг судалгаагаар ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын түвшинг л тодорхойлж үзсэн боловч БЗДХ-ын шинж тэмдэг илэрч байсан гэх ЭБҮ-ийн хувь өндөр байгаа нь бусад БЗДХ-ын өвчлөл ЭБҮ-ийн дунд мөн өндөр байж болохыг илтгэж байна.
Судалгааны дүнгээс харахад ЭБҮ-ийн дунд тэмбүүгийн тархалтын түвшин өндөр, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдах түүнчлэн бэлгэвчийн хэрэглээ хангалтгүй, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан түвшин доогуур зэргээс үзэхэд ЭБҮ-ийн дунд ХДХВ-ийн халдвар тархах эрсдэл өндөр байгааг харуулж байна. Иймээс, ЭБҮ-д чиглэсэн тусламж үйлчилгээ болон урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг эрчимжүүлэх шаардлагатай байна.