Судалгааны зорилго, зорилтууд
Хүн амын тодорхой бүлгүүдийн дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалт, халдварт өртөх эрсдэлтэй зан үйлийн түвшинг тодорхойлоход тандалт судалгааны үндсэн зорилго оршино.
Судалгааны үндсэн зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн.
- Эрсдэл багатай бүлгийн хүн амын дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтыг тодорхойлох
- Эрсдэлт бүлгийн хүн амын дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтыг тодорхойлох
- Эрсдэлт бүлгийн хүн амын ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх мэдлэг, бэлгийн зан үйл, түүнд гарч буй өөрчлөлтийг үнэлэх
- ЭБҮ, ЭБЭ-ийн дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын ялгаатай байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох
Судалгааны үр дүнгээс
ЭБҮ-ийн судалгаанд Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймгуудын 743 олон нийтийг хамруулсан.
ХДХВ, тэмбүүгийн тархалт
Судалгаанд хамрагдсан нийт ЭБҮ-ийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй. Тэмбүүгийн тархалтын түвшин 29.7% байсан бөгөөд 2011 онтой харьцуулахад 2.2%-иар өсчээ. Судалгааны байршлаар нь авч үзвэл Улаанбаатар, Дархан –Уул аймаг тэмбүүгийн өвчлөл 2011 онтой харьцуулахад буурсан бол Дорнод, Орхон, Хөвсгөл аймгуудад нэмэгдсэн байна.
ХДХВ-ийн халдварын талаарх мэдлэг, хандлага, ташаа ойлголт
ХДХВ-ын халдвараас сэргийлэх аргуудыг зөв тодорхойлж, үндсэн ташаа ойлголтуудыг үгүйсгэсэн ЭБҮ-ийн эзлэх хувь 33.4% хувь буюу өмнө хийгдэж байсан судалгаанууд болон бусад эрсдэлт бүлгийнхэнтэй харьцуулахад хамгийн бага байна.
Судалгаанд оролцогчдын бэлгийн зан үйлийг илэрхийлэх зарим үзүүлэлтүүд:
- Судалгаанд оролцогчдын дундаж нас 30
- 7% нь гэр бүлээ тэжээх зорилгоор биеэ үнэлж байгаа гэж тайлбарласан.
- Сүүлийн 7 хоногт бэлгийн хавьталд орсон хүний тоо дунджаар 3.9
- Биеэ үнэлсэн сүүлийн өдөр бэлгийн хавьталд орсон хүний тоо 1.5
- Сүүлийн удаа төлбөр авч бэлгийн хавьталд орохдоо 83.3% нь бэлгэвч хэрэглэсэн байна.
ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх үйлчилгээний хүртээмж, үр нөлөө
Судалгаанд хамрагдсан ЭБҮ-ийн 81.7 хувь нь өмнө нь ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаж байсан бол 70.8% нь сүүлийн 12 сарын хугацаанд дээрх шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээнд хамрагдсан ЭБҮ-ийн 85.5% нь шинжилгээний хариугаа авчээ. Оролцогчдын 45.9% нь сүүлийн 12 сарын хугацаанд ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан байна.
Судалгаанд хамрагдсан ЭБҮ-ийн дунд бэлгэвчийн тогтмол хэрэглээ 2009 оноос хойш нэмэгдэж байгаа ч энэ нь тэдний гуравны хоёр хүрэхгүй хувийг эзэлж байна. ЭБҮ-ийн дунд тэмбүүгийн халдварын тархалтын түвшин нэмэгдсээр байна. ЭБҮ-ийн ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамрагдалтын түвшин буурчээ.
Дүгнэлт
Хэдийгээр ЭБҮ-ийн дунд ХДХВ-ын халдвар бүртгэгдээгүй ч тэмбүүгийн халдварын тархалт өмнөх судалгаатай харьцуулбал байнга өссөн үзүүлэлттэй хэвээр байна. ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэж, шинжилгээний хариуг авсан ЭБҮ-ийн хувь нэмэгдэж байгаа ч орон нутагт харилцан адилгүй байна. Мөн энэ удаагийн судалгааны асуулгад хүний эрхийн зарим асуудлыг тусгасан. Бэлгийн чиг баримжаа, бэлгийн зан үйлээс үүдэлтэй ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолд өртөх, хувь хүний халдашгүй дархан байдлаа хамгаалуулах зэрэгт ЭБҮ-ийн дунд хүндрэлтэй асуудал ихээр тулгардаг болохыг судалгаанд оролцогсод мэдээлсэн байна.