Судалгааны зорилго, зорилт
Хүн амын тодорхой бүлгүүдийн дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалт, халдварын талаарх мэдлэг, хандлага, зан үйлийн түвшинг тодорхойлоход тандалт судалгааны үндсэн зорилго оршино.
Зорилт:
- Эрсдэлт бүлгийн хүн амын дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтыг тодорхойлох
- Эрсдэлт бүлгийн хүн амын ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйл, түүнд гарч буй өөрчлөлтийг үнэлэх
- 15-24 насны оюутан, залуучуудын дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтыг тодорхойлох
- 15-24 насны оюутан, залуучуудын ХДХВ/ДОХ, БЗДХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйл, түүнд гарч буй өөрчлөлтийг үнэлэх
Судалгааны үр дүнгээс
ХДХВ-ийн халдвар, БЗДХ-т өртөх эрсдэлтэй бүлгийн хүн ам болох 458 ЭБҮ-г судалгаанд хамрууллаа.
ХДХВ, тэмбүүгийн тархалт
Судалгаанд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Дорнод, Хөвсгөл аймгуудын нийт 458 ЭБҮ хамрагдсаны 24.5%-д нь тэмбүүгийн халдвар илэрсэн. Тэмбүүгийн халдварын тархалтыг 2014 оны судалгаатай харьцуулахад 5.2 пунктээр буурсан ба судалгааны бүх байршлуудад өвчлөл буурсан байна.
Судалгаанд хамрагдсан ЭБҮ-ийн дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй.
ХДХВ-ийн халдварын талаарх мэдлэг, хандлага, ташаа ойлголт
ХДХВ-ын халдвараас сэргийлэх аргуудыг зөв тодорхойлж, үндсэн ташаа ойлголтуудыг үгүйсгэсэн ЭБҮ-ийн эзлэх хувийг 2014 оны тандалт судалгааны дүнтэй харьцуулахад 25.3% болж 8.1 пунктээр буурсан байна.
Судалгаанд оролцогчдын бэлгийн зан үйлтэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийснийг тоймлон харуулбал:
- Судалгаанд оролцогчдын дундаж нас 30.8
- Сүүлийн 7 хоногт бэлгийн хавьталд орсон үйлчлүүлэгчийн дундаж тоо 5
- Биеэ үнэлсэн сүүлийн өдөр дунджаар 2 үйлчлүүлэгчтэй бэлгийн хавьталд орсон
- Сүүлийн удаа төлбөр авч бэлгийн хавьталд орохдоо 84.3% нь бэлгэвч хэрэглэсэн байна.
ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх үйлчилгээний хүртээмж, үр нөлөө
Судалгаанд хамрагдсан ЭБҮ-ийн 84.5% (n=387) нь өмнө нь ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаж байсан бол 80.9% нь сүүлийн 12 сарын хугацаанд дээрх шинжилгээг хийлгэсэн байна. Сүүлийн 12 сарын хугацаанд шинжилгээнд хамрагдсан ЭБҮ-ийн 90.4% нь шинжилгээний хариугаа авсан буюу халдвартай эсэхээ мэдэж байсан.
Оролцогчдын 55.2% нь сүүлийн 12 сарын хугацаанд ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагдсан, 66% нь үнэгүй бэлгэвч, чийгшүүлэгч авсан байна.
Хүний эрхийн зарим асуудлууд
Судалгаанд оролцсон ЭБҮ-ийн дунд халдашгүй байдлыг нь зөрчих, цагдаагийн ажилтан болон бар, буудал, сауны эздийн зүгээс дарамт, сүрдүүлэг ирэх, ажил хөдөлмөр эрхлэхэд нь бэрхшээл тулгарах зэргээр эрх нь зөрчигддөг гэж хариулж байна. Судалгаанд оролцсон ЭБҮ-ийн 7.1% нь хэн нэгний дарамт шахалтаар биеэ үнэлж байсан гэж хариулав. Өөрөөр хэлбэл ЭБҮ-ийн дунд хүний эрх зөрчигдөх асуудал байсаар байна.
Дүгнэлт
Судалгаанд хамрагдсан ЭБҮ-ийн дунд тэмбүүгийн халдварын тархалт 24.5 хувь тодорхойлогдсон нь 2014 оны үеэс 4.7 пунктээр буурсан байна. Гэсэн хэдий тэмбүүгийн халдварын тархалт ЭБҮ-ийн дунд тогтвортой хэмжээнд хүртэл буурахгүй, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хамрагдалт, ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх цогц мэдлэгийн түвшин буурсан зэрэгт үндэслэн эрсдэлт бүлгийн хүн амын дундах урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хамралтыг чанаржуулах, өргөжүүлэх шаардлагатай хэвээр байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.nccd.gov.mn/images/research/2020/HIV_shyphilis%20surveillance%20survey%20report%202018%20MNG.pdf