Зорилго
Хүн амын дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалт, ХДХВ, ДОХ, БЗДХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйлийг тодорхойлох
Зорилт
- ХДХВ, тэмбүүгийн халдварт өртөх эрсдэл өндөр болон бага бүлгүүдийн дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтыг тодорхойлох
- ХДХВ, тэмбүүгийн халдварт өртөх эрсдэл өндөр болон бага бүлгүүдийн дундах ХДХВ, ДОХ, БЗДХ-ын талаарх мэдлэгийн түвшин, хандлага, бэлгийн зан үйлийг тодорхойлох
Судалгааны үр дүнгээс
Энэхүү судалгаанд Улаанбаатар хотоос, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймгуудаас нийт 723 ЭБҮ-ийг хамруулсан.
ХДХВ, тэмбүүгийн тархалт
Судалгаанд хамрагдсан ЭБҮ-ийн 14.5%-д нь тэмбүүгийн халдвар илэрсэн бол судалгаанд оролцогчдын дунд ХДХВ-ийн халдвар илрээгүй. Тэмбүүгийн халдварын тархалтыг 2014 оны судалгаатай харьцуулахад 5.2 пунктээр буурсан ба судалгааны бүх байршлуудад өвчлөл буурсан байна.
Бэлгийн зан үйл
ЭБҮ-ийн анх бэлгийн хавьталд орсон дундаж нас 18, биеэ үнэлж эхэлсэн дундаж нас 21 байв. Сүүлийн 7 хоногт дунджаар 2-3 өдөрт нь биеэ үнэлсэн. Сүүлийн 1 жилийн хугацаанд дунджаар 6-7 сард нь биеэ үнэлсэн байв.
Сүүлийн удаа төлбөр авч бэлгийн хавьталд орохдоо 88.5% нь бэлгэвч хэрэглэсэн байна.
ХДХВ-ийн халдварын талаарх мэдлэг, хандлага, ташаа ойлголт
Нийт оролцогчдын 94.3% нь ХДХВ-ийн талаар сонсож байсан. Нийт ЭБҮ-ийн 28.1% нь шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох нь ХДХВ-ийн халдвар дамжих хамгийн өндөр эрсдэлтэй гэж зөв хариулсан. Мөн оролцогчдын 77.8% нь бэлгийн үнэнч нэг хавьтагчтай байснаар ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэл буурна, 91,8% нь бэлгийн хавьталд орох бүртээ бэлгэвчийг зөв хэрэглэснээр ХДХВ-ийн халдвараас сэргийлнэ, 69.7% нь гаднаас нь харахад эрүүл хүн ХДХВ-ийн халдвартай байж болно гэж зөв хариулсан байна.
Судалгаанд хамрагдсан нийт 723 ЭБҮ-ийн 8.6% нь ХДХВ-ийн халдварт өртөх огт эрсдэлгүй, 88.3% нь эрсдэлтэй, 3.1% нь өндөр эрсдэлтэй гэж өөрсдийгөө үнэлсэн байна. Нийт ЭБҮ-ийн 65.1% нь ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэх бол хаана хандахаа мэднэ, 96.5% нь ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг тогтмол хамрагдах нь өөрийгөө болон үйлчлүүлэгчээ эрсдэлээс сэргийлнэ гэдэгтэй санал нэг байлаа.
Дүгнэлт
Эмэгтэй биеэ үнэлэгчдийн дундах тэмбүүгийн халдвар өмнөх тандалт судалгаанаас буурсан. ЭБҮ гэрлээгүй байх, огт бэлгэвч хэрэглэхгүй байх, ТББ, ХӨСҮТ-ээс ямар нэг үйлчилгээ аваагүй байх нь тэмбүүгийн халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.