Жирэмслэлтээс хамгаалах бүх төрлийн хэрэгсэл нь эмэгтэй хүний өндгөн эс эр бэлгийн эстэй нийлэн үр тогтохоос сэргийлэх үйлчилгээтэй байдаг.
Орчин үеийн аргууд (дааврын уух эм, тариа, суулгац, ерөндөг, эрэгтэй, эмэгтэй бэлгэвч, үтрээний хаалт, умайн хүзүүний хаалт, төрөл бүрийн спермицидүүд)
Мэс заслын аргууд (үр дамжуулах хоолойг боох, үрийн сувгийг боох)
Байгалийн физиологийн аргууд (хуанли, арифметик арга, халууны арга, химийн арга)
Жирэмслэхээс хамгаалах дааврын эм бэлдмэл
Жирэмслэхээс хамгаалах дааврын эм нь өндгөн эс гадагшлах явцыг саатуулснаар үр тогтох боломжгүй болгодог ба умайн хүзүүний салиаг өтгөрүүлэн эр бэлгийн эс умайд орохыг удаашруулах үйлчилгээтэй юм.
Жирэмслэхээс хамгаалах тариа
Жирэмслэхээс хамгаалах тариа нь нэг удаа тариулахад 1-3 сарын турш жирэмслэхээс хамгаална. Өндгөвчинд өндгөн эс боловсрохгүй ба умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эсийн нэвтрэх чадварыг бууруулдаг бөгөөд умайн салстыг нимгэрүүлснээр тогтсон үр хөврөлийг умайн хананд бэхлэгдэх боломжгүй болгодог үйлчилгээтэй.
Жирэмслэхээс хамгаалах суулгац
Өндгөн эс гадагшлахыг дарангуйлж, умайн хүзүүний салиаг өтгөрүүлэх, үр тогтсон өндгөн эс умайн салстад бэхлэгдэхээс сэргийлдэг үйлчилгээтэй.
Умайн ерөндөг
Ерөндөгийг жирэмслэхээс хамгаалах зорилгоор эмэгтэйн умайн хөндийд тавьдаг. Зэстэй ерөндөг нь умай болон үр дамжуулах хоолойд эр бэлгийн эсийн амьдрах ба хөдлөх орчныг өөрчилж, улмаар үр тогтох явцыг саатуулдаг. Умайн ханын салст бүрхэвчийг цочроосноор тогтсон үр хөврөлийг умайн хананд бэхлэгдэх, цаашид өсч хөгжих явцыг саатуулдаг.
Жирэмслэхээс хамгаалах яаралтай уух эм
Жирэмслэж болох эгзэгтэй үедээ хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, бэлгэвч цоорч урагдах, умайн ерөндөг унах, хүчиндүүлэх, жирэмслэхээс сэргийлэх эмээ уухаа мартах зэрэг санамсаргүй бөгөөд харамсалтай явдлууд амьдралд тохиолддог. Ийм үед жирэмслэхээс хамгаалах зорилгоор уг аргыг хэрэглэж болно.
Эрэгтэй бэлгэвч
Бэлгэвч нь эрэгтэй хүний үрийн шингэнийг үтрээнд оруулахгүй саатуулснаар жирэмслэхээс хамгаалахаас гадна үрийн шингэнд байгаа бэлгийн замаар дамжих халдварын үүсгэгчийг эмэгтэйд халдаахаас болон өөрөө халдвар авахаас хамгаалдаг.
Эмэгтэй бэлгэвч
Бэлгийн хавьтлын үед ялгарсан үрийн шингэнийг үтрээнд оруулахгүйгээр бэлгэвчинд хуримтлуулж саатуулснаар жирэмслэлтээс хамгаалахаас гадна үтрээний шүүрэлд байгаа бэлгийн замаар дамжих халдварын үүсгэгчийг эрэгтэйд дамжуулж халдаах, мөн эмэгтэй өөрөө эрэгтэйгээс халдвар авахаас хамгаалдаг.